Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган маргааш цахимаар болно
Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.
Мэдээллийн алба

Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Манай улсад 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулснаас улбаалан энэ өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Мөн НҮБ-аас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр” хэмээж, асуудал хөндсөн уриа дэвшүүлж шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд хандуулдаг. Энэ жилийн уриаг “Хүнсний эрүүл, аюулгүй байдал: Залуучуудын оролцоо, инноваци” хэмээж, нийгмийн хөгжил, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад залуучуудын санаачилга, оролцоо чухал болохыг онцоллоо.
Манай улсад дэлхийн болон Монголын залуучуудын өдрийг тэмдэглэхтэй уялдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд, олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.
Сарын аяны онцлог арга хэмжээний нэг болох Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг наймдугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон талт арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуучууд, олон нийт нээлттэй хэлэлцэх юм.
Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан дэмжин оролцож байна.
Залуучууд, олон нийт та бүхнийг наймдугаар сарын 25-ны өдрийн 09-17 цагт зохион байгуулагдах энэхүү цахим чуулганд QR код уншуулан оролцохыг урьж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн фэйсбүүк хаягаар оролцох боломжтой гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


















