Зам, талбайн халтиргааг хуулиар зохицуулна
Анх 1994 оноос хойш шинэчлэгдээгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-аас боловсруулжээ.
Мэдээллийн алба

Анх 1994 оноос хойш шинэчлэгдээгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-аас боловсруулжээ. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг.

Гэвч Нийслэлийн эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн бөгөөд Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой болж тэлсэн бөгөөд 1,5 сая хүн амтай дэлхийн 40 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчдын зүгээс үзжээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Хуулийн төсөлд хариуцлагатай хотын иргэнийг төлөвшүүлэх хэд хэдэн заалт суулгаж өгсөн байна. Тухайлбал, өвлийн улиралд хариуцсан зам, талбайн цас, мөсийг цэвэрлээгүйн улмаас иргэн бэртэж, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлыг тухайн байгууллага хариуцаж арилгахаар хуулийн төсөлд тусгажээ.

Дашрамд дурдахад, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 49 зүйлтэй аж.


















