Зам, тээврийн хөгжлийн төвд 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчилтэй байдлууд тогтоогдсон. Ү
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчилтэй байдлууд тогтоогдсон. Үүнд:
1. Хяналт шалгалтаар авто зам ашигласны төлбөрийн тасалбар нь нууцлалгүй, тухайн шалган нэвтрүүлэх байгууллагын нэр бичих бичвэр байдаг ч бичдэггүй, үнэт цаасны шаардлага хангахгүй, хугацаа илэрхийлдэггүй, зарим шалган нэвтрүүлэх цэгүүдэд тасалбар дээр /он.сар.өдөр/ огноог ажилтнууд өөрсдөө гараар бичдэг зэрэг зөрчил нийтлэг байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаартай тогтоолоор батлагдсан “... замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслэлээс төлбөр авах журам”-ийн 3.7-д “... тасалбарт замын чиглэлийн нэр, дугаар, төлбөр авах цэгийн нэр, ... огноог тусгаж ... баталгаажуулсан байна” гэж заасанд нийцээгүй байна. Энэхүү үйлдэл болон дүгнэлтэд дурдсан бусад үйлдлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.9-д тус тус заасан мэдээллээр хангагдах эрхийг зөрчих, үүнээс шалтгаалан хэрэглэгч төөрөгдөх нөхцөл шалтгаан болдог байна.
2. Төлбөр хураах цэгийн тасалбар түгээгч ажилтнуудын хувьд “тасалбарыг тухайн ажилтанд тодорхой хугацаагаар хуваарилан өгч, ээлжээр гарсан цэг бүрт тасалбарыг борлуулдаг, зарим тээврийн хэрэгсэл өөрөө тасалбараа авдаггүй” гэсэн тайлбар өгсөнөөс харахад тасалбар олголтод тавигдах бүртгэл, хяналт хангалтгүй.
3. Төлбөр хураах цэгүүд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харьяа төрийн өмчийн байгууллага дангаар үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой зөвхөн төлбөр хураах төдийгөөр үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйлчилгээ нь хангалтгүй байдаг.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчлийг арилгуулахаар Зам, тээврийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төвүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн төвд 10 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулах шийдвэрийг гаргасан.
Дээрх зөрчлүүд нь бүхэлдээ хэрэглэгчид хуулиар олгогдсон мэдээллээр хангагдах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үндэслэл болж байгаа ба төлбөр хураах цэгүүд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харъяа төв, орон нутгийн өмчийн байгууллагууд дангаар үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой зөвхөн төлбөр хураах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байгаа явдал шалган нэвтрүүлэх төвийн үйлчилгээ хангалтгүй байх шалтгаан нөхцөл болсон гэсэн дүгнэлт гарсан байна.
Эх сурвалж: ШӨХТГ


















