Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өргөн барив
Иймээс ОХУ, БНХАУ, Финлянд, Австрали, Япон, Франц зэрэг орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн саналыг тусган долоон бүлэг, 55 зүйлтэйгээр боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцууллаа.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Г.Батхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Монгол Улс 1996 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргасан. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, олон улсын жишиг, Монгол Улсын олон улсын гэрээ, болон үндэсний зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан, мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний нягтрал, осол, хэрэг, зөрчил ихэссэнтэй холбоотой үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг улс орны эрх ашиг, нийгмийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн байна.
Иймээс ОХУ, БНХАУ, Финлянд, Австрали, Япон, Франц зэрэг орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн саналыг тусган долоон бүлэг, 55 зүйлтэйгээр боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцууллаа.
Уг хуулийн төсөлд замын хөдөлгөөнд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлж, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрх олгох, олон улсын жолоочийн үнэмлэх олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн шаардлага, замын барилга, байгууламж төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага зэрэг олон асуудлыг зохицуулахаар тусгажээ.


















