Замын компаниудын гэрээг цуцлав
Зүүн гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилтай Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн амралтын өдрүүдэд явж танилцлаа.
Мэдээллийн алба

Зүүн гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилтай Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн амралтын өдрүүдэд явж танилцлаа.
Хэнтий аймгаас Дорнод орох хүртэл цардмал замаар холбогдсон. Гэвч тэрхүү замsy гүйцэтгэл муу байгаагаас улсын комисс хүлээж авахаас өмнө эвдрэл гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зунжин шороо овоолон зорчих хэсгийг хаасан нь зорчигчдод хүндрэл учруулсан. Үүнд нутгийн иргэд бухимдаж буйгаа ч илэрхийлж байсан. Иргэдийг чирэгдүүлэн хаалттай байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замын гүйцэтгэгч компани “China geo-Engineering Corporation” юм. Уг замыг 12.5 тэрбум төгрөгийн өртгөөр босгосон гэх. Гэвч одоог хүртэл улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Энэ үеэр “China geo-Engineering Corporation” компанийн дэд захирал Ч.Тунгалаг хийсэн ажлаа тайлагнасан. Гэвч ажлын хэсгийнхэн гүйцэтгэсэн ажил, үүрэг даалгаврын биелэлт шаардлага хангахгүй, баримтгүй байгааг онцолсон. Тиймээс энэ замыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн юм.
Улсын комисс хүлээж авах боломжгүй бөгөөд өгсөн үүрэг даалгавар, дүгнэлтэд заасан алдааг засахыг үүрэгдлээ. Тухайлбал, торон хагарлыг арилган чанарын шаардлага хангахгүй материалыг солих, 52, 59 дэх цэгт хучлага хийх, тэгш бус байдлыг зас гэсэн юм. Түүнээс гадна засварын ажлын үед тэмдэг, тэмдэглэгээг буруу тавьснаар авто осол гарч, хүн гэмтсэн тухай Хэнтий аймгийн ЗЦГ-ийн ахлах зохицуулагч Т.Мөнхжаргал хэлж байлаа. Ийнхүү замыг ашиглалтад хүлээн авч чадахгүй байгаагаас улсад хохирол учирч байгааг албаныхан онцолсон. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн чиглэл тогтоож чадахгүй байгаа нь нийтийн тээвэр хуучин маршрутаар зорчиж буйтай холбоотой юм. Энэ үеэр ажлын гүйцэтгэл муутай компанийн гэрээг цуцлан дахин өөрсдийн боломжид тулгуурласан шинэчилсэн гэрээ байгуулсан юм. Энэ чиглэлийн авто замын гүйцэтгэгч “Насны зам”,“Хансуун зам”, “Өвөр залаат”, “Бадрах ойл” компанийн ажилтай танилцлаа. Санхүүжилттэй холбоотойгоор ажлаа оройтож эхэлсэн гэх тайлбараар уулзалт эхэлсэн юм. Гэвч гэрээний хугацаанд ажлаа дуусгахын тулд хүчээ дайчлан ажиллах учиртайг тус замын зөвлөх “МСРС group” компанийн захирал Ж.Батсайхан онцолсон.
Зам тээврийн яам өнгөрсөн зургадугаар сард компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулсан нь тэдэнд хугацаа алдах шалтгаан болжээ. Хэдийгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж байгаа ч гэрээний хугацаанд ажлаа дуусгахгүй бол салбарын яам дараагийн арга хэмжээг авах тухай санууллаа. Харин Хөгжлийн банк замын компанитай хийх гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан талаар Засгийн газарт танилцуулахаа М.Зоригт сайд амлалаа. Санхүүжилттэй холбоотой ажил хойшилсон ч өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 15 хүртэлх ажлын цалгардлын хариуцлагыг компаниудтай тооцох нь зөв эсэхийг тэднээс лавлан өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй компанийн гэрээг цуцлах шийдвэр гаргав.
Долоон жилийн туршид ярьсан хатуу хучилттай авто замын даланг 100 хувь, хучилтыг 80 хувь Хүртэл хийх үүргийг энэ жилдээ багтаах ёстой. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэж чадах хэмжээгээ тодорхой болгон дахин шинэчилсэн гэрээ хийх учиртай. Харин тэрхүү гэрээнд тусгасан амлалт биелээгүй тохиолдолд тухайн компанийн зам тавих эрхийг цуцлах болов.
Замын ажилд дорвитой хяналт тавьж чадахгүй байгаа нь ажлаас халагдах шалтгаан болсон байна. Энэ шийдвэрийн хүрээнд “Бадрах ойл”, “Өвөр залаат” компанийг ажлаа хугацаандаа гүйцэтгэх боломжтой гэж шинэчилсэн гэрээнд тусгасан бол “Хансуун зам” компанийн барьж буй замын төгсгөлөөс 10 км хасах шийдвэрийг гаргалаа. Замын ажилд дорвитой хяналт тавьж чадахгүй байгаа нь ажлаас халагдах шалтгаан болсон байна. Тиймээс хяналтыг Замын хөгжлийн төвөөс салгах учиртай гэнэ. Яагаад гэвэл, ажлын хариуцлага алдсан хүнд ажлаас халах шийтгэл ногдуулахаас хэтрэхгүй байгаа аж Үүний цаана эдийн засгийн асар том хохирол учирч буй юм.
Эх сурвалж: Зам тээврийн яам


















