Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна.
Үүнд:
1.1. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.2. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.3. нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
1.4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Уг хуулийн үйлчлэлд дээр дурдсан 4 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулна.
Эх сурвалж: НДЕГ


















