Зарим хөшөө, баримлуудыг нүүлгэн шилжүүлнэ
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжийн авто замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн. Энэ төлөвлөлттэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамжинд байрлах Унагатай г
Мэдээллийн алба

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжийн авто замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн. Энэ төлөвлөлттэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэлээ. Үлдсэн найман баримлыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, нэг чиглэлдээ гурван эгнээ нийт зургаан эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ гурван эгнээтэй 0.74 у/метр гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна. Ж.Лхагвассүрэн жанжны хүүтэй нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Хотын төв дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар боллоо.


















