Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
- Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.


















