Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбоглуулан бусал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Мэдээллийн алба

Өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд,
- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбоглуулан бусал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Монгол Улсын Шадар сайдын урилгаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарригийн 2015 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн АНУ-д 2015 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад цахим виз нэвтрүүлэх тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад цахим виз нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавихыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад тус тус даалгалаа.
- Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
- Усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, байнгын хяналт тавьж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгалаа.
- “Хог хаягдлын норматив тогтоох аргачлал”-ыг баталлаа. Тус аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.
- “Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журам”-ыг баталлаа.


















