Завхан аймаг 2020 оны тавдугаар сард Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно
Хад асга ихтэй, уулын хүнд зам болох Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам засварын ажил энэ оны зургаадугаар сарын 23-ны өдөр эхэлж
Мэдээллийн алба

Хад асга ихтэй, уулын хүнд зам болох Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам засварын ажил энэ оны зургаадугаар сарын 23-ны өдөр эхэлж ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Түм арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна.
Есдүгээр сарын 1 гэхэд Улиастай-Загастайн даваа чиглэлийн эхний 30 километр хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, Хатавчийн давааны замыг нээхээр төлөвлөсөн боловч тодорхой нөхцөлүүдээс хамаарч дээрх хугацааг аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Загастайн давааны хатуу хучилттай авто замын ажлыг ирэх хавар эрт дуусгахаар төлөвлөж буй тул арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл тэсэлгээний ажлуудыг үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө. Гүйцэтгэгч компаниудын зүгээс хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж тус замын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам нь 10 метр өргөн далантай, долоон метр өргөн, таван сантиметр зузаан асфальтбетон хучилттай, 20 сантиметр зузаан буталсан чулуун суурьтай, 40 сантиметр зузаан суурийн доод үетэй байх бөгөөд нийт хучилтын хийцийн зузаан 65 сантиметр, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй хайрган хөвөөтэй, нийт 68 байршилд төмөр бетон хоолойтой байхаар төлөвлөжээ.


















