Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймаг III шатлалын эмнэлэгт хийгддэг эмчилгээнүүдийг хийж байна

Засгийн газрын "Эрүүл мэнд-Эрс шинэчлэл" хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт III шатлалын эмнэлэгт хийгддэг 13 төрлийн оношилгоо, эмчилгээг амжилттай хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймаг III шатлалын эмнэлэгт хийгддэг эмчилгээнүүдийг хийж байна
Завхан аймаг III шатлалын эмнэлэгт хийгддэг эмчилгээнүүдийг хийж байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын "Эрүүл мэнд-Эрс шинэчлэл" хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт III шатлалын эмнэлэгт хийгддэг 13 төрлийн оношилгоо, эмчилгээг амжилттай хийж байна. Тухайлбал, зөвхөн III шатлалын эмнэлэгт хийгддэг байсан дурангаар ходоод, 12 хуруу гэдэсний цус алдалтыг тогтоох, шарханд эмчилгээ хийх, ур авах, улаан хоолойн өргөссөн венийн судсанд боолт хийх, улаан хоолой, ходоод, уушгинаас гадны биет авах, компьютер томографи хийх зэрэг эмчилгээ, оношилгоог орон нутагтаа хийж байгаа ажээ.

Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн, Олон улсад ашиглагдаж байгаа лабораторийн бүрэн автомат анализаторууд нийлүүлэгдсэнээр лабораторийн хүчин чадал сайжирч, бүх төрлийн шинжилгээнүүдийг чанар, стандартын өндөр түвшинд хийж байгаа юм. Ингэснээр алслагдмал орон нутгийн ард иргэдэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж байна.

Яаралтай тусламжийн тасаг жилдээ 6000-7000 алсын болон ойрын дуудлага хүлээн авч тусламж үзүүлдэг байна. Үүний 30-40 хувь нь яаралтай тусламж шаардсан дуудлага байдаг. Тиймээс иргэдэд стандартын дагуу чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ОНХС-ийн 190 сая төгрөгийн хөрөнгөөр яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг нэг дор төвлөрүүлэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийжээ.

Мөн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь нэмэлт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Ингэснээр яаралтай тусламж шаардсан өвчтөнд зүрхний бичлэг хийх, эход харах зэрэг үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрджээ. Ийнхүү Завхан аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсаар байгаад иргэд сэтгэл хангалуун байна.

Б.Оюун-Эрдэнэ

Хуваалцах