Завхан аймгийн хойд сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байна
Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ. Энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд байгаа юм. Зарим сумдад зам хаагдаад байна. Тухайлбал, Тэс сумын Нисэг, Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж багт нэлээд их хэмжээний цас орсон байгаа бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багийн малчдад машин техникээр төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болж, ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож байна.
Мөн Тосонцэнгэл, Их-Уул суманд ч нөхцөл байдал нэлээд хүндэрсэн тухай мэдээлэл байна. Тиймээс дээрх сумдын замыг гаргах, малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээлээ нэмж нөөцлөхөд нь малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, эвдрэл гэмтэл, бензин шатахууны зарцуулалт ихтэй төрийн байгууллагуудын машиныг засч сайжруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, бог малын хөл халцрах, омруутах өвчин гарч магадгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зам гарц хаагдахаас өмнө мал дээр байгаа хүнд өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудыг суурин газар руу шилжүүлэх, төв дээрээ байгаа багийн дарга, эмч нарыг малчдынхаа дунд очиж ажиллуулах зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, мөн цаашид нөхцөл байдал илүү хүндэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргах үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга өгчээ.
Завхан аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.


















