Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Цаашид ч цас үргэлжлэн орох цаг агаарын төлөв байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Нөгөө талаас хүйтний эрч эрс чангарч зарим сумын нутгаар шөнөдөө 43 градус хүртэл хүйтэрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн нийт нутаг 10-35 см хүртэл зузаан цастай байна. Цаашид ч цас үргэлжлэн орох цаг агаарын төлөв байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Нөгөө талаас хүйтний эрч эрс чангарч зарим сумын нутгаар шөнөдөө 43 градус хүртэл хүйтэрчээ.

Өнгөрсөн сард нийт нутгаар орсон борооны улмаас цас мөсөн ултай болж, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болжээ. Цаашид цас их хэмжээгээр орвол Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн-Уул, Яруу, Эрдэнэхайрхан суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Түр хугацаанд хаагаад байсан Загастайн давааг өчигдрөөс нээснийг аймгийн онцгой байдлын мэргэжилтэн н.Баярсайхан хэллээ.

Аймгийн хэмжээнд 24 сумын 8 мянган малчин өрхөд 3.4 сая мал өвөлжиж байна. Аюулгүйн нөөцдөө өвс, тэжээл бэлтгэж авсан. Харин энэ жил аймгийнхаа улсын нөөцийн цэг салбаруудад өвс тэжээл нэмж бэлтгээгүй нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрвэл нөөц хүрэлцэхгүй хүрэх эрсдэлтэй гэж аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга хэлж байна.

Өвөлжилт хүндэрсэн үед аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийн үнийг хямдруулж малчдад олгох, сумын нөөцөд өвс тэжээл нэмж нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн алслагдсан нутагт байгаа иргэдийг хоол хүнсээр, хангах, шаардлагатай үед дайчлагдан ажиллах, хүн хүч, техник хэрэгслийг бэлэн байлгах зэрэг асуудлаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгчээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг сулрах боловч цаашид дахин хүйтэрч, 12 сард их хэмжээний цас орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах