Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.11.04/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Мэдээллийн алба

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.11.04/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Төслийн талаар тус байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Болор гишүүдэд танилцуулсаны дараа танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсөн бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Тодруулга: БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын аэжиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна.
Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт 3 удаа солилцож, 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтжээ.
Зээлийн нөхцлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх аж. Зээлийн хөнгөлөлтийн түвшин 29 хувь бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу хөнгөлөлттэй зээлд багтаж байгаа юм байна. Энэхүү хэлэлцээр нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан жилийн хугацаанд хүчинтэй аж.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.


















