Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зэвсэгт бие хамгаалагчтай цагаан хирс 43 настай

Дэлхий дээр эдүгээ амьд байгаа хирсний таван зүйлийн нэг бол цагаан хирс. Цагаан хирсний хоёр дэд зүйлийн нэгт харьяалагддаг Умардын цагаан хирс устаж үгүй болохын ирмэгт ирээд байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зэвсэгт бие хамгаалагчтай цагаан хирс 43 настай
Зэвсэгт бие хамгаалагчтай цагаан хирс 43 настай. Зураг: МҮОНРТ

Дэлхий дээр эдүгээ амьд байгаа хирсний таван зүйлийн нэг бол цагаан хирс. Цагаан хирсний хоёр дэд зүйлийн нэгт харьяалагддаг Умардын цагаан хирс устаж үгүй болохын ирмэгт ирээд байна. Тодруулбал, дэлхий дахинаа Умардын цагаан хирс ердөө гуравхан үлдээд байгаа гэнэ.

Кенийн төв нутагт энэ гурван хирс нутагшиж байна. Судан нэртэй нэг эр хирс, мөн Фату, Нажин гэх хоёр эм хирс байгаа юм. Өнгөрсөн онд Суни нэртэй цагаан хирс үхсэнээс хойш Судан төрөл зүйлээсээ үлдсэн цор ганц эр хирс болж хоцорчээ. Ховордсон энэ амьтны сүүлийн удам угсааг хадгалж хамгаалах зорилгоор гурван хирсийг өдөр бүр 24 цагийн турш зэвсэгтэй цэргүүд хулгайн анчдаас хамгаалан, манаж байна.

Цор ганц үлдсэн эр цагаан хирс Судан одоо 43 настай. Иймээс нас дарж, биеэ даахаа больсон түүнийг үржилд оруулах боломж хомс болжээ. Харин эрдэмтэд Умардын цагаан хирсний зүйлийг аврахаар хиймлээр үр тогтоох боломжийг судалж байна. Умардын цагаан хирснүүдээс эр бэлгийн эс, өндгөн эсийг ялган авч, лабораторийн орчинд үр тогтоосны дараа Өмнөдийн цагаан хирсний хэвлийд суулгахаар эрдэмтэд төлөвлөж байгаа юм.

Хэрэв энэ туршилт амжилттай болвол Умардын цагаан хирсийг устан үгүй болохоос сэргийлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Хирс нь Өмнөд Судан, Конго, Төв Африк, Чад болон бусад улс оронд таран нутагшиж байсан ч Азийн зах зээл дэх хирсний эврийн эрэлт хэрэгцээнээс үүдэн хулгайн анчдын гарт устаж үгүй болох аюул нүүрлэсэн юм. Хирсний эврийг Дорнын зарим оронд шарталтаас эхлээд хорт хавдар хүртэлх олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай гэж үздэг. Мөн сийлбэр урлахад нэвт гэрэлтсэн өнгөтэй харагддаг чанараас нь үүдэн гар урлалд хирсний эврийг элбэг ашигладаг байна. Хирсний нэг кг эвэр хар зах дээр 65 мянган америк долларын үнэ хүрдэг гэх мэдээ бий.

Хуваалцах