Зэвсэгт хүчний түүх, шинэчлэл, хөгжлийн талаарх эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжил: 1921-2021 он” сэдэвт эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалах их сургууль хамтран “Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжил: 1921-2021 он” сэдэвт эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.
Уг эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлын зорилго нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэн хөгжил, ололт, амжилтыг дүгнэн, Монголын Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлаар удирдлагын болон эрдэм шинжилгээний байгууллагууд санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг цэргийн шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж онол, практикт нэвтрүүлэхэд хамтран ажиллах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн юм.
Хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид болон БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож байна. Түүнчлэн ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдах бүрэлдэхүүн болон “Монголын Цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, “Монгол генерал төв”-ийн тэргүүн, доктор (Ph.D), профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү нар цахимаар хуралд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хурлыг ажиллагааг нээж, Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Б.Баярмагнай хэлсэн үгэндээ БХЯ-ны ШУТЗ-өөс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан 9 дэд зорилт, 48 арга хэмжээний хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг онцлон дурдаж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлж, албаны ухамсрыг дээшлүүлэх зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүний хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал гэдгийг тодотгоод удахгүй болох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэв.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжлийн замнал, өнөө ба ирээдүй” сэдвээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал, Д.Ганзориг илтгэсэн бөгөөд тэрээр тус илтгэлийг БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Ш.Паламдоржтой хамтран бэлтгэж, хэлэлцүүлсэн юм.
Үүний дараа хавсралт илтгэлүүд болох “Төрлийн цэргийг хөгжүүлэх бодлого, хэрэгцээ, шаардлага”, “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоог шинэчлэх арга зам”, Энхийг дэмжих ажиллагаа дахь Монгол цэргийн оролцоо Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн тулгуур болох нь”, “БНМАУ-ын хөгжилд Барилгын цэргийн оруулсан хувь нэмэр, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтад Барилга-Инженерийн цэргийн оролцоо, цаашдын хандлага, “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил-Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулсан нь”, “Зэвсэгт хүчний хөгжил дэх цэргийн алба хаагчдын манлайлал, түүнд хийсэн шинжилгээ” зэрэг Зэвсэгт хүчний хөгжил шинэчлэл, сургалт бэлтгэлийн тогтолцоог цаашид боловсронгуй болгохтой холбоотой олон чухал сэдвээр хэлэлцүүлэг тавигдах юм.


















