Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зимбабве улсын морьт цэргүүд “Аравт” уралдаанд орно

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцсон. Зимбабве улсын Зэвсэгт хүчний Морьт хорооны захирагч хорооны дарга, дэд хурандаа Киростофер Муфатай ярилцлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Зимбабве улсын морьт цэргүүд “Аравт” уралдаанд орно
Зимбабве улсын морьт цэргүүд “Аравт” уралдаанд орно. Зураг: МҮОНРТ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцсон. Зимбабве улсын Зэвсэгт хүчний Морьт хорооны захирагч хорооны дарга, дэд хурандаа Киростофер Муфатай ярилцлаа.

-Дэд хурандаа Киростофер та эх орноо төлөөлж, “Аравт” анхдугаар уралдааны ажиглагчаар оролцлоо. Ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд зөвхөн цэргийн хүмүүс оролцох ёстой юм байна. Усан саад гатлах, минэжүүлсэн талбайг аюулгүй болгох, холын зайн марш үйлдэх, хээр хоноглох, шархадсан иргэд болоод сум галт хэрэгслийг зөөвөрлөх гээд цэргийн хүн л биелүүлж болох ур чадвар, тэсвэр хатуужил, эр зориг, мохошгүй сэтгэлийн тэнхээг шалгасан олон даалгавар багтаасан байна. Цэрэг гэлтгүй морины шандсыг сорьсон том уралдаан боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин бэлтгэлээ маш сайн хангасан байна. Уралдаанд оролцсон цэрэг дайчид ч хүчтэй байлаа. Энэ нь Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчин шилдэг алба хаагчдаа явуулсан гэсэн үг. Надад таалагдсан өөр нэг зүйл нь соёлын болон танин мэдэхүйн олон зүйлийг мэдэж авсан явдал юм. Манай улсад чөдөр, аргамжаа гэж байдаггүй. Харин Монгол Улсад адууны өв соёл, уналга, хэрэглээтэй холбоотой асар олон зүйл байдаг юм байна. Хамгийн гол нь Монгол Улсад явагдсан үе шат, дарааллаар нь өөрийн орны цэргийн алба хаагчдаа бэлтгэвэл амжилт ойрхон байхыг үгүйсгэхгүй.

-Цаашид оролцоно гэсэн үг үү?

-Манай Зэвсэгт хүчний удирдлагууд уралдаан хэрхэн явагдаж байна гэдгийг судлаад ир гээд явуулсан. Шийдвэрийг мэдээж би гаргахгүй. Гэхдээ цаашид алба хаагчдаа оролцуулах ёстой гэсэн зорилго, хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Хэзээ гэдгийг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан оролцоно.

-Зимбабве улсын адууны соёлын талаар мэдээлэл өгөөч?

-Зимбабве нь Английн колони байсан улс. Англичууд морьт цэрэгтэй ирж, манай улсыг эзэлж байсан түүхтэй. Харин 1980 онд Зимбабве тусгаар тогтнолоо зарласнаас хойш англичуудаас орж ирсэн морьт цэргийг үргэлжлүүлэн авч үлдсэн юм. Манай улсын Зэвсэгт хүчин адууг үйл ажиллагаандаа их өргөн хэрэглэдэг. Бүр ард түмнээсээ ч илүү хэрэглэдэг.

-Та морьт цэргийн хорооны дарга гэсэн. Танай хороо хэчнээн адуутай вэ?

-Хоёр төрлийн морь байна. Нэгдүгээрт, үржлийн зорилгоор ашигладаг морьд. Хоёрдугаарт уналга эдэлгээнд ашигладаг морь. Манай хороо одоогийн байдлаар 1500 морьтой. Үүнийг зөвхөн цэргийн үйл ажиллагаанд л ашиглана. Мөн морьтой харьцах цэргийн алба хаагчдаа долоон сарын хугацаанд шаталсан сургалтад хамруулан бэлтгэж авдаг.

-Монгол адуу, Зимбабве морины ялгаа?

-Мэдээж манай морь том биетэй. Европоос гаралтай учир энэ нь ч аргагүй байх. Монгол адуу биеэр жижиг атлаа маш хүчтэй гэдгийг анзаарлаа.

-Монгол Улс танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Уудам сайхан нутагтай Монгол оронд анх удаа зочиллоо. Маш их таалагдлаа. Нэгдүгээрт, монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн юм байна. Хоёрдугаарт, уудам сайхан нутагтай, цаг агаар нь зөөлөн юм. Гуравдугаарт, үндэсний зоог нь амттай. Дахин Монголд айлчлах хувь тохионо гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа Зимбабве улсын Зэвсэгт хүчний алба хаагчид “Аравт”-ын оролцогч болох байх.

Хуваалцах