ЗХЖШ-ын даргын мэндчилгээ
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
Мэдээллийн алба

Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Түүх, соёл, төрт ёсны өнө эртний уламжлалтай Монгол Улсад хорьдугаар зуунд өрнөсөн түүхэн үйл явдлын тоонд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын ялалтыг зүй ёсоор онцлох учиртай. Манай орны олон зуун жилийн мандан бадрах, сульдан доройтох, хөгжин дэвших бүхий л үйл явц нь өөр өөрийн онцлогтой байсны дотор 200 гаруй жил үргэлжилсэн харийн ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, улмаар монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн нь түүхэн ач холбогдолтой байсан юм. Энэ нь монголчуудын олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, их сэргэлтийн эхлэл байсан бөгөөд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгалыг ялалтад хүргэснээр манай орон тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, монгол үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийг эхлүүлсэн түүхтэй.
Манай орны хөгжлийн түүхэнд цоо шинэ эргэлтийг авчирсан 1921 оны Ардын хувьсгалыг өнө мөнхийн ялалтаар дуусгасан Ардын журамт цэргээс эхлэлтэй орчин үеийн Зэвсэгт хүчний түүх нь улс орны хөгжил дэвшилтэй бүхий л сэжмээр холбогдож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган хамгаалах, ард олныг бичиг үсэгт сургах, эрүүлийг хамгаалах, орчин үеийн соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, их бүтээн байгуулалтад оролцох зэрэг бахдам амжилтаар улам бүр баяжсаар ирсэн юм.
Тэрхүү бахархалт түүхийг бүтээж, түүнээс ч илүү амжилттай өнөөдрийг бүтээлцэж байгаа, цаашид ч бүтээн цогцлоох Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэж, улс орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцож, даян дэлхийд амар амгаланг тогтоох энхийн үйлсэд идэвхийлэн зүтгэж, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсаар байгаа бөгөөд бид бүхэн үе үеийн алба хаагчдынхаа гавьяат үйлс, бүтээлч үйл ажиллагаагаар цаг ямагт бахархаж явдгаа баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Өнгөрсөн зуун жилийн хугацаанд манай нийт ард түмэн энэхүү ойн баярыг төрт ёсны цэнгэлийн манлай, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлийг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр болгон жил бүр өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн бөгөөд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хувьд ч Ардын журамт цэргийн мятаршгүй тэмцэл, ялалтын их түүхийг хүндэтгэн дээдэлж, хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэсэн ахмад дайчдынхаа баатарлаг, дайчин өв уламжлал, баялаг туршлагыг нь иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч ирсэн юм.
Энэхүү түүхт ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн түүхийн туршид улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, Их эзэн Чингис хааны ялагдашгүй цэргийн залгамж монгол цэргийн нэр төр, яруу алдрыг өндөрт өргөн, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын гарамгай гавьяа, зүтгэлийг өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон болох “Чингис хаан” одонг хүртээсэн нь бидний бахархал билээ.
Цаашид бид бүхэн Монголын нийт ард түмнийхээ нэгэн адилаар дэлхийн соёл иргэншил, давтагдашгүй өв, хүн төрөлхтний гайхамшигт түүхийг хамтдаа бүтээж, мэргэжлийн цэрэг бүхий Зэвсэгт хүчнийг бүрдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, нэгтгэл, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг улам ахиулах, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадвараар дэлхийн жишигт хүрэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулах болно.
Дэлхий дахинд болон манай эх оронд тархсан коронавирусийн халдварт өвчний улмаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг тэмдэглэх асуудлыг ирэх жил хүртэл хойшлуулсан ба ийм нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахиж, амралтын өдрүүдийг зөвхөн өрх гэрийн хүрээнд өнгөрүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ


















