ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёвтой салах ёс гүйцэтгэжээ
ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачевтой салах ёс гүйцэтгэх ажиллагаа энэ сарын 4-ний өдөр Москвагийн төв дэх Эвлэлүүдийн ордны баганат танхимд боллоо. Олон нийтэд нээлттэй болсон
Мэдээллийн алба

ЗХУ-ын удирдагч асан МихаилГорбачевтой салах ёс гүйцэтгэх ажиллагаа энэ сарын 4-ний өдөр Москвагийн төв дэх Эвлэлүүдийн ордны баганат танхимд боллоо. Олон нийтэд нээлттэй болсон энэ ёслолд Оросын төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд зэрэг олон мянган хүн оролцжээ.
Москвагийн цагаар өглөөний 10 цагт эхэлсэн энэ ёслолын дараа Горбачёв агсныг өөрийнх нь гэрээсэлсний дагуу, Новодевичийн оршуулгын газарт, гэргий РаисаМаксимовнагийн дэргэд оршуулах юм байна.
Энэ зуур МихаилСергеевич агсантай салах ёс гүйцэтгэх болон оршуулгын ёслолыг бүрэн хэмжээний төрийн ёслолын хэмжээнд үйлдэхгүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын өмнө мэдээлсэнчлэн, энэ үеэр хүндэт харуул гарах зэрэг төрийн ёслолын зарим дэг ёсыг гүйцэлдүүлсэн байна.
Ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахад Оросын төрөөс туслалцаа үзүүлж, Ерөнхийлөгчийн Ёслолын алба оролцож байгаа гэдгийг “Горбачёв сан”-гийн хэвлэлийн албаны дарга, ЗХУ-ын удирдагч асны хувийн хэлмэрч Павел Палажченко мөн мэдээлжээ.
Ерөнхийлөгч Путины тухайд, 9 сарын 1-ний өдөр Москвагийн Клиникийн төв эмнэлэгт очиж, Горбачев агсны шарилд цэцэг өргөн салах ёс хийжээ. Харин тус ёслолд тэрбээр ажлын шахуу хөтөлбөрийн улмаас очих боломжгүй болсон талаар хэвлэлийн төлөөлөгч Песков мэдээлсэн.
Мөн МихаилГорбачёв агсны охин Ирина болон зээ охид нь Германаас ирж салах ёс хийж байгаа аж. Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан ёслолд биечлэн оролцох юм байна.
“Дойчевелле” мэдээлснээр, Европын бусад орны төр засгийн тэргүүн нар энэ ёслолд оролцохгүй бөгөөд Германы канцлер ОлафШольц тухайд энэ арга хэмжээнд очихгүй байгаа шалтгаанаа Оросын талаас урилга ирээгүй гэдгээр тайлбарлажээ.
Сануулахад, ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч МихаилГорбачев өнгөрөгч 8 дугаар сарын 30-ны өдөр 91 насандаа хүнд өвчний учир таалал төгсчээ.
Түүний ардчилал, энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг олон улсад өндрөөр үнэлдэг. ЗХУ-ын Ерөнхийлөгч асан, өөрчлөлт шинэчлэлийн эцэг гэгддэг МихаилГорбачев 1990 онд Хүйтэн дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.


















