Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын хурал болов

ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ДЭМБ-ын санхүүжилтээр 2015 оны 06-р сарын 29-ний өдөр “Өртөө толгой” аялал жуулчлалын цогцолборт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын хурал болов
“Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын хурал болов. Зураг: МҮОНРТ

ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ДЭМБ-ын санхүүжилтээр 2015 оны 06-р сарын 29-ний өдөр “Өртөө толгой” аялал жуулчлалын цогцолборт боллоо.
Хуралд Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, Аймаг нийслэлийн ЗӨСТ-үүд, ОХУ-ын Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Новосибирск хот дах туршилт ба эмнэл зүйн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, БНХАУ-ын хорио цээр, хяналтын академи, Өвөр Монголын хилээр орох-гарах хорио цээр, хяналтын товчоо, Хөх хот, Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийг хамгаалах төв, ХӨСҮТ, УМЭАЦТЛ, БОНХАЖЯ-Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, МЭХ, УМЭАЦТЛ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийт 100 гаруй эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтэнүүд оролцсон байна.

Энэхүү хуралд тарваган тахал, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, боом, шувууны томуу, хулгана тахал, тромбоцитопени дагалдсан халтай чичрэгт хамшинж, гельминтоз зэрэг өвчний тандал судалгааны үр дүн, молекул биологийн судалгаа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг чиглэлээр нийт 12 илтгэлийг хэлэлцүүлсэн.

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд маш их сонирхолтой, анхаарал татсан байсан нь илтгэгчид оролцогчид нийт 30 гаруй асуулт, хариултаар санал бодлоо солилцож шинэ мэдлэг олж авсан, мэдлэгээ хуваалцсан хурал болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн үеэр хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж зоонозын халдварын асуудлаар цаашид хийх болон оролцогч талууд хамтран ажиллах чиглэлийг ярилцаж тохиролцлоо. Тухайлбал, хоёр хөрш орны хил дагуу зоонозын халдварын хяналт-тандалтыг сайжруулах, ОХУ-тай хиллэж буй хэсэгт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж буйд анхаарлаа хандуулан 2 талдаа хамтарсан тандал судалгаа хийж төлөв байдлыг тогтоон хяналт тавьж ажиллах, БНХАУ-ын хорио цээр, хяналтын академи, Өвөр Монголын хилээр орох-гарах хорио цээр, хяналтын товчоо, Хөх хот, Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийг хамгаалах төвүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд лабораторийн мэргэжилтнүүдийг Бээжин хотод ажиллуулж дадлагажуулах, тромбоцитопени дагалдсан халтай чичрэгт хамшинжийг манай авсан сорьцуудад шинжлэхэд оношлуурын тусламж өгөх асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцлоо.

Хэлэлцүүлсэн 12 аман илтгэл болон ханын илтгэлээс тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу шилдэгийг шалгарууллаа. Шилдэг аман илтгэлээр ЗӨСҮТ-ийн Халдвар судлагч эмч А.Долгорханд нарын “Дулаарлаас үүдэлтэй тарваган тахлын байгалийн голомт, хүн амын өртөх эрсдлийн судалгааны дүнгээс” сэдэвт илтгэл, шилдэг ханын илтгэлээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Г.Түвшинжаргал нарын “2,3,7,8-дөрвөнхлортдибензо-п-диоксиноор өдөөгдсөн эм зөөвөрлөгч ба цисплатинд тэсвэртэй байдал” сэдэвт илтгэл тус тус шалгарч хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Энэхүү Олон Улсын хурал нь 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хурал судлаачдын бүтээлийг олны хүртээл болгох, харилцан мэдээлэл, мэдлэгээ солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой хурал боллоо гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах