Зудын гамшгийг давахад малчдад үзүүлэх хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох судалгааны төсөл хэрэгжиж байна
Уг төслийн гол цөм нь зудын эрсдэл өндөр байдаг Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсийн гурван аймгийн 381 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм
Мэдээллийн алба

Болзошгүй зудын гамшгийг даван туулахад нь малчин өрхүүдэд үзүүлж болох хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох зорилготой судалгааны төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн гол цөм нь зудын эрсдэл өндөр байдаг Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсийн гурван аймгийн 381 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм байна. Энэ хүрээнд 2021 оны гуравдугаар сард санамсаргүйгээр сонгогдсон өрх бүрт 150-250 евротой тэнцэх буцалтгүй мөнгөн тусламж үзүүлжээ.
Түүнчлэн тус мөнгөн тусламж өрхүүдийн дасан зохицох чадварыг сайжруулж, малын хорогдол болон өрхийн гишүүдэд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлж чадсан эсэхийг тодорхойлох аж. Мөн судалгааны дүнд мөнгөн тусламж өрхөд ямар эерэг нөлөө үзүүлснийг тогтоох, үүнээс гадна тусламж хэрэгцээтэй бүлэг болон гамшгийг даван туулахад нэн шаардлагатай мөнгөн дүнг системтэйгээр тооцох боломжийг олгох, шийдвэр гаргах хэрэглэгдэхүүнийг боловсруулах олон талын ач холбогдолтой юм байна.
Түүнчлэн дээрх судалгааны төслийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны баг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн мөнгөн тусламж хүлээн авсан өрхүүдтэй тав дахь удаагаа ярилцаж мэдээлэл цуглуулж байгаа аж.


















