Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зул

Т.Оюунбүрэн бурхны орон одлоо... Монголын үндэсний Телевизд энэ насны бүтээлч амьдралаа зориулсан. Гэхдээ тэр телевизийн дэлгэц дүүрэн гарч сонины хуудас дүүрэн юм бичиж олны танил болсонгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зул
Зул. Зураг: МҮОНРТ

Т.Оюунбүрэн бурхны оронд одлоо... Монголын үндэсний Телевизд энэ насны бүтээлч амьдралаа зориулсан. Гэхдээ тэр телевизийн дэлгэц дүүрэн гарч сонины хуудас дүүрэн юм бичиж олны танил болсонгүй. Телевизийн арын фронтод зүтгэсээр олон хүнийг нэрд гарах хоолонд хүргэх их ажлын үнэнч хөтөч байсаар богино амьдралаа дуусгалаа. Хүн чанартай,үнэнч шударгуу, ажлын төлөө махруу явсан түүний амьдрал ийм богино байхыг хэн мэдлээ.

Өөрөө ч үүнтэй эвлэрч чадалгүй хүнд хавдар тусаад эмчлүүлэхээр явахдаа камер техник хэрэгслээ захиж орхин дарга даамлууддаа эргээд ажилд орохдоо хийх нэвтрүүлгүүдээ ярьж суусан нь саяхан.Амьдралын хүнд дарамтуудад удаа дараа өртөж байсан ч бүтээж босгохын төлөө зүтгэж уйлж унаж босон тэмцэж явсан эгэл жирийн л монгол эр хүн. Аливаад чин сэтгэлээсээ аз жаргал уй гашуу бүх юманд зүрх сэтгэлээсээ хандаж унаж нураах бус өргөх босгох үйлст үнэнчээр зүтгэж явсан анд минь байлаа. Өөрт болон бусдад уй гашуу, баяр баясгаланг хуваалцах хүний төлөө шаналах энэрэнгүй сэтгэлийг харамгүй хураасан буянтан байлаа.

Телевизийн ажлын онцлог зураглаач суурийг нь сайн тавьж зургаа сайн авсан бол бусдыгаа хөтлөөд явдаг журамтай Т.Оюунбүрэн маань ажлаа анхан шатнаас нь хар бороос нь эхэлсэн болохоор үүнийгээ ясандаа тултал мэдэрсэн чадахаасаа чадахгүйг тултал хийхийг боддог эрмэлздэг байсан. Үүнээсээ болоод онигоонд өөрийгөө оруулах нь элбэг Түүний монгол, японы Гурван голын судалгаанд явахад болсон явдал, Урьдын гавьяагаа үнэлүүлэх гэсэн, дорнын их талд дутуу буудсан чонын зураг авах гэж яарснаас хоолойгоо хэрчүүлэх шахсан гээд л онигоо гэхээсээ ажилдаа яаж ханддаг нь домог мэт болсон ярианууд манайхан дунд элбэг.

Тэр олонд танигдсан нэгэн байсангүй. Үнэнч шударгуу ажилдаа дуртай телевиздээ нэр хүндтэй эгэл жирийн л нэгэн байсан. Төсвийн газарт ажиллаж олсон хэдээ амьдралдаа хүргэх гэж зүтгэж илүү харж билүү долоосонгүй хүн хуурч худлаа хэлж явсангүй нэг таарахнээ махны лангуу ажиллуулж хэдэн зоос олохгүй бол болхгүй нь гээд л гүйж явсан дараа нь бүтэлгүй болж өр ширэнд орж хааж над шиг нь хийхгүй юм байна гэж билээ. Аливаад үнэн сэтгэлээсээ хандаж бүтэлгүй алхам бүртээ ихээр шаналж үнэнчээр амьдарсан нь магадгүй бурхан болох шалтгаан ч юм билүү.

Ходоодны өвчинг сэтгэлийн өвчин гэх нь бий. Тийм ч учраас найз минь энэ өвчнөөр одсон байх. Элбэг дэлбэг биш ч өөрийн хэмжээнд сэтгэл хангалуун амьдарч дуртай ажлаа хийж хийж бүтээхийн их хүсэлд шатаж явсан анд минь бурхны орондоо тайван нойрсдоо. Хийж амжаагүй нэвтрүүлгийн дүрс, планууд бодож явсан нэвтрүүлгүүдийг чинь хамтран зүтгэж явсан уран бүтээлчид үргэлжлүүлнэ. Барьж явсан камер чинь зэвэрч тоос дарахгүй, дүү нар, найз нөхөд нь үргэлжлүүлэн ажиллуулна.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Телевизийн зураглаач Доржзовдын Энхтөр

Хуваалцах