Зуны олимп 2032 онд Австралийн Брисбен хотод болно
2032 оны олимпыг зохион байгуулах хүсэлтээ Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали зохион байгуулагч орноор шалгарч чадлаа.
Мэдээллийн алба

Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Японы Токио хотод болж буй ОУОХ-ны чуулганаас дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус чуулганд оролцож байсан Австралийн Спортын сайд Ричард Колбэк, Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер тэргүүтэй Австралийн төлөөлөгчид дээрх баярт мэдээг сонсоод “Ковид-19”-ийн дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Австралийн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.
Сонирхуулахад, 2032 оны олимпыг зохион байгуулах хүсэлтээ Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали зохион байгуулагч орноор шалгарч чадлаа.
Австрали Улс өмнө нь 1956, 2000 оны олимпын наадмыг зохион байгуулж байв.



















