Зураач Франс Халсын 10 сая долларын бүтээл хуурамч байжээ
Голландын зураач Франс Халсын бүтээл хэмээн тооцогдож, 2011 онд 8,5 сая фунт буюу ойролцоогоор 10,7 сая доллараар зарагдсан бүтээл хуурамч болох нь нотлогджээ.
Мэдээллийн алба

Голландын зураач Франс Халсын бүтээл хэмээн тооцогдож, 2011 онд 8,5 сая фунт буюу ойролцоогоор 10,7 сая доллараар зарагдсан бүтээл хуурамч болох нь нотлогджээ. Үнэ хаялцуулах “Сотбис” ордны мэдээлж байгаагаар наймааг цуцлан, “Үл таних хүний цээж зураг” нэртэй бүтээл ямарч эргэлзээгүй хуурамч гэдгийг шинжээчид тогтоосны дараа худалдан авагчид мөнгийг буцаан олгожээ.
Бүтээл жинхэнэ эсэхийг тогтооход багагүй хөдөлмөр орсон бөгөөд эцсийн эцэст шинжээчид зургийг бүтээхэд орчин үеийн будах материал орсон гэдгийг тогтоосон байна. Иймээс шинжээчид энэ зургийг 17 дугаар зуунд бүтээсэн байх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж “Сотбис” ордны мэдэгдэлд өгүүлж байна.
"Хуурамч бүтээлийг жинхэнээс ялгахын аргагүйгээр хийдэг нөхөр эрх чөлөөтэй явж байна, энэ хүний хуурамч бүтээлүүд 200-аад сая фунтээр зарагдсан байх талтай" гэсэн мэдээлэл тарсны дараа “Сотбис” ордон шинжээч хөлсөлж шинжилгээ хийлгэжээ.


















