Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

35 жилийн дараах уулзалт

Дэлхийн даамын холбооны мастер, 1988 оны улсын аварга Д.Ганболд Орос-Зөвлөлтийн нэрт мастер Александр Чекеевтэй 35 жилийн дараа уулзсан байна. Тэд тэртээ 1984 онд анх зохиогдсон Эрхүү-Монголын уулзалт тэмцээнд өрсөлдсөн билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
35 жилийн дараах уулзалт
35 жилийн дараах уулзалт. Зураг: МҮОНРТ

Эрхүү мужийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрсөн сард болсон. Тус тэмцээний үеэр Дэлхийн даамын холбооны мастер, 1988 оны улсын аварга Д.Ганболд Орос-Зөвлөлтийн нэрт мастер Александр Чекеевтэй 35 жилийн дараа уулзсан байна. Тэд тэртээ 1984 онд анх зохиогдсон Эрхүү-Монголын уулзалт тэмцээнд өрсөлдсөн билээ.

Иркутск мужийн даамын холбоо 77 настай мастертаа хүндэтгэл үзүүлж, дээрх тэмцээнд нэгдүгээр багийнхаа тэргүүн ширээнд урилгаар тоглуулсан юм. Гурван аравны дараах уулзалт нөхөрсгөөр өндөрлөж, 64 буудалт дааманд оросын мастер, зуун буудалт дааманд манай тамирчин илүүрхжээ.

Ташрамд дуулгахад, Д.Ганболдын аав, "Энэрэл" клубыг үүсгэн байгуулагч, өдгөө 80 насыг зооглож буй гавьяат багш Д.Дорж мастер одоо ч хөлгийн ард хүүхэд, залуустай ухаанаа уралдуулсаар байгаа. Тэрбээр энэ жилийн Азийн АШТ-ий ахмадын ангилалд түрүүлсэн билээ. Түүнчлэн Д.Ганболдын төрсөн эгч Д.Найгалмаа, Д.Дэлгэрмаа, дүү Сүхбаатар нар нь даамын спортын дэд мастер цолтой. Мөн Ганболдын гэргий Ж.Гэрэлчулуун нэгэн үе Монголын даамын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, 1999 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцож явсан, Дэлхийн даамын холбооны мастер цолтой тамирчин. Даамчин хосуудын дундаас төрсөн Г.Гэрэлболд хүү 2007 онд кадетын ДАШТ-д түрүүлж, даамын төдийгүй Монголын оюуны спортын түүхэнд анхны дэлхийн аварга болсон түүхтэй.

Хуваалцах