А.Георгиев ДАШТ-д 10 дахь удаагаа түрүүллээ
ДАШТ-д анх удаагаа оролцсон ОУМ Ц.Отгонбилэг 12 оноо авч 17 дугаар байрт оров. Тэрбээр Камерун, Кот д'Ивуар, Сенегалын тамирчныг хожиж, сүүлийн өрөгтөө А.Георгиевтэй тэнцсэн байна
Мэдээллийн алба

Даамын эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Африк тивийн Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо зохиогдож өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. 12 улсын 20 тамирчин гурван долоо хоногийн турш тойргоор өрсөлдсөн тус ДАШТ-д ОХУ-ын их мастер Александр Георгиев 28 оноогоор аваргалж, дэлхийн аваргын 10 дахь түрүүгээ авсан юм. Харин мөнгөн медалийг Хятадын залуу од, 15 настай Пан Имин хүртэв. Тэрбээр найм хожиж, 11 тэнцэж 27 оноо авч, чансаагаа +102-оор ахиулсан бол хүрэл медалийг Латвийн их мастер Гунтис Валнерис хүртлээ.
Ташрамд дуулгахад, ДАШТ-д анх удаагаа оролцсон ОУМ Ц.Отгонбилэг 12 оноо авч 17 дугаар байрт оров. Тэрбээр Камерун, Кот д'Ивуар, Сенегалын тамирчныг хожиж, сүүлийн өрөгтөө А.Георгиевтэй тэнцсэн байна.


















