Алтан хальс кино наадам “Өндөг” киногоор “хөшиг”-өө нээлээ
Г.Жигжидсүрэн “Өнгөрсөн хугацаанд уг наадам кино урлагийн гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч, хүн төрөлхтний ойртон нягтрах үйлсэд өөрийн дуу хоолойгоо өргөх зорилготой залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг уулзалт болж чадсанд би гүн талархалтай явдаг”
Мэдээллийн алба

“Алтан хальс” олон улсын кино наадам Улаанбаатар хотноо долоо дахь жилдээ зохиогдож байна. Тус наадмын нээлтийн үеэр ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн “Өнгөрсөн хугацаанд уг наадам кино урлагийн гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч, хүн төрөлхтний ойртон нягтрах үйлсэд өөрийн дуу хоолойгоо өргөх зорилготой залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг уулзалт болж чадсанд би гүн талархалтай явдаг” хэмээв.
Тус наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд наадмын хүндэт зочин Хятадын зургаадугаар үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч Ван Чюанань, Сингапурын кино найруулагч Ү Жүнь Фень, Польшийн кино зураглаачдын нийгэмлэгийн гишүүн Артур Журавски нар хүрэлцэн ирсэн.
Нээлтийн киногоор шалгарсан “Өндөг” (2019) кино нь “Туяагийн хурим” киногоор Берлиний кино наадмын дээд шагнал болох Алтан баавгай хүртэж байсан Хятадын найруулагч Ван Чюананий сүүлд туурвисан бүтээл юм. Энэ киноны туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагчаар ажилласан бөгөөд Монголын уран бүтээлчид чухал үүрэг гүйцэтгэжээ. Найруулагч Ван ихэвчлэн Хятадын хөдөө тосгоны амьдралыг өөрийн бүтээлдээ тусгадаг. Энэ удаад монгол ахуй, ардын хөгжим, соёл сэтгэлгээ, хөдөөгийн амьдралыг гаднын нүдээр ажиглан, өөр өнцгөөс нээн харуулсан нь сонирхол татахуйц байсан.
Дээрх наадмын зохион байгуулагчид “Өндөг” киноны найруулагч өөрийн биеэр Монголд ирж үзэгчидтэй уулзсан хэрэг нь наадмын онцлох хэсэг гэдгийг хэлж байв. Түүнчлэн тэрбээр өнөөдөр 14:00 цагт үнэгүй мастер класс буюу сургалт хийхээр болсон. Мөн энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын зочдоос гадна зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, уран бүтээлч, аниматор Б.Ундрам, кино продюсер, “Монгол фильмс” дистрибюшин компанийг үүсгэн байгуулагч Цогтбаяр нар ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, “Алтан хальс” наадмын шүүгчид өнөөдрөөс эхлэн уралдаант хэсгийн бүтээлүүдтэй танилцаж эхлэх бөгөөд үзэгчид энэ сарын 8-ныг дуустал 10 гаруй бүрэн хэмжээний киног “iCinema” кино театрт очиж үзэх боломжтой.


















