Амьд малын худалдааг Эмээлт захад төвлөрүүллээ
Өнгөрсөн долоо хоногоос малын худалдааг СХД-ийн Засаг даргын захирамжаар “МИК Эмээлт” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэн "Эмээлт" амьд малын худалдаа, захыг нээлээ.
Мэдээллийн алба

Жил бүр үндэсний их баяр наадмыг угтан хөдөө орон нутгийн иргэд хотын ойролцоо ирж малаа зарж борлуулдаг. Баруун аймгуудаас туугдаж болон ачигдаж ирсэн малыг хуучин 22 товчооноос цааш зам дагуу зарж борлуулсаар арваад жил өнгөрчээ. Иргэд ийнхүү хэсэг хэсгээрээ малаа борлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байлаа. Замын хөдөлгөөнд саад учруулах, орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангалтгүй, хэв журмын зөрчил гээд л.
Харин өнгөрсөн долоо хоногоос малын худалдааг СХД-ийн Засаг даргын захирамжаар “МИК Эмээлт” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэн "Эмээлт" амьд малын худалдаа, захыг нээлээ. Машины зогсоол, малын хашаа, усалгааны цэг, мал төхөөрөх хэсэг, хогийн цэг, агуулах, мал эмнэлэг, хоолны газар зэргээр энд худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн байлаа.
Өнөөдрийн байдлаар амьд малын захад 70 гаруй иргэн худалдаа хийж, 10 гаруй иргэн мал төхөөрч, 20-30 эмэгтэй гэдэс цэвэрлэж, хоолны хоёр газар ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ, “МИК Эмээлт” ХХК-ийн удирдлагуудын тохиролцсоноор энэ сарын 15 хүртэл мал зарж буй иргэдээс ямар нэгэн татвар, түрээс авахгүй аж. Үнийн хувьд хонь 120-220, ямаа 100-140 мянган төгрөг байна. Тодруулбал, төлөг, жижгэвтэр хонь 100-120 мянга, дунд зэргийнх нь 160-180, бүдүүн эр хонь 200-220, борлон ямаа 800-100, бие гүйцсэн нь 120-140 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин мал төхөөрдөг иргэд хонь, ямааг 5000 төгрөг, дээрээс нь арьс, өлөн гэдсийг нь авч ажиллаж байна.
Бид зарим иргэд, ажилтнуудаас тодруулга авлаа.
Малын зах байнгын үйл ажиллагаатай болно... “МИК Эмээлт” ХХК-ийн менежер Ю.Сүрэнхорлоо
-Малын зах нээгдээд удаагүй байна. Үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ?
-Амьд малын анхны төрөлжсөн худалдааг бий болгож байнгын үйл ажиллагаа явуулах зорилгоор нээгээд хэд хонож байна. Өнөөдрийн байдлаар зам дагуу зутруу байдалтай байсан малчид, иргэд төвлөрсөн нэг чиглэлд орж эмх цэгцтэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Манай компанийн зүгээс хашаа саравчийг нь гаргаж өгөх, мал услах, мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лаборториор үйлчлэх, ахуйн хог хаягдлыг өдөр бүр зөөвөрлөж хаях зэргээр шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Цаашдаа малын худалдааны захыг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулах зорилго бий, бидэнд. Учир нь манай компанийн энэ хашаанд Европ стандартын бүрэн автомат махны томоохон үйлдвэр, мал малын гаралтай түүхий эд хадгалах зориулалт бүхий агуулахууд, мэргэжлийн мал эмнэлгийн лаборатори, эсгийний үйлдвэр гээд цогц байгууламж бий. Энэ бүхнээ түшиглэн цаашаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллана.
Малын худалдааг төвлөрүүлэх шаардлага үүссэн...
СХД-ийн 32 дугаар хорооны Засаг дарга Г.Мөнхтулга
-Амьд малын худалдаа захыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгууллаа. Захын үйл ажиллагаанд эрүүл ахуйн талаас нь мал эмнэлгийн улсын байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч шаардлага тавин ажиллаж байна. Хэв журмыг нь дүүргийн цагдаагийн I хэлтэс, хог тээвэрлэлтийг Засаг даргын дэргэдэх Тээвэр үйлчилгээний төв, зохион байгуулалт болоод иргэдэд сурталчлах үүргийг хорооны Засаг дарга миний бие болоод захын удирдлагууд тус тус хариуцан ажиллах юм. Ер нь бол зам дагасан иргэдэд чирэгдэл ихээр учруулдаг малын худалдааг нэгтгэх шаардлага үүссээр нэлээн хэдэн жил өнгөрсөн. Өнөөдөр ингээд дүүрэг, хороо, хувийн хэвшлийнхэн хамтарч энэ үйл ажиллагааг нэгтгэлээ. Иргэдийг Эмээлтэд ирж захаар үйлчлүүлэн малаа худалдаж аваарай гэж хэлмээр байна.
Найм дахь жилдээ мал төхөөрч байна...
Иргэн Г.Түмэн-Өлзий
.jpg)
-Таны ажил хэр байна даа?
-Ах нь өмнө нь 22-ын товчооны тэнд мал төхөөрдөг байсан. Эхнэр маань гэдсийг нь арилгадаг. Сая энд зах нээгдэхээр гэрээрээ нүүгээд ирлээ. Ажил эхлээд хэдхэн хонож байгаа болохоор орлого жаахан тиймэрхүү байна.
-Та малыг хэдэн төгрөгөөр төхөөрдөг вэ?
-5000 төгрөг. Дээрээс нь арьс, өлөнг авна. Ингээд нийлээд 10 мянган төгрөг. Эхнэрийн маань ажлын хөлс үүнд бас багтана.
-Өдөрт та хоёр тэгээд хэдэн төгрөг олж байна?
-Энд ирээд 30 мянган төгрөг олж байна даа.
-Өмнө нь орлого өндөр байсан уу?
-Гайгүй байсаан. Ах нь найм дахь жилдээ мал төхөөрч байна. Миний тэмдэглэлийн дэвтэрт 200 гаруй хүний утасны дугаар бий. Тэд мал янзлуулаад дугаараа өгөөд миний дугаарыг аваад явдаг. Цэвэрхэн, хурдан бүх зүйлийг нь жин тан болгоод өгөхөөр их дуртай үйлчлүүлнэ. Зарим нь хаашаа явчихав гээд л ирж байна. Архи уугаад алга болчихгүй, итгэлтэй найдвартай болохоор л тэр.
-Мөнгөн хуримтлал үүсгэж чадаж байна уу?
-Худлаа даа, идэж уух, өнөө маргаашдаа л таарна. Маш олон хүн бой хийж байна, энд.
-Та аль нутгийн хүн бэ?
-Увс аймгийн Өлгий сумын харьяат. Ах нь эхээсээ гурван ихэр төрсөн. Нөгөө хоёр маань эмэгтэй. Нэг нь Дарханд, нөгөө нь Говь-Алтайд ажил хийж яваа. Би хоёр хүүтэй хүн.
Мал төхөөрөх цэг
Хог хаягдлын цэг
Мал эмнэлгийн лаборатори
Мал услах цэг
.jpg)
Ажилчдын түрээсийн сууц
.jpg)


















