АНУ, ОХУ, Япон зэрэг орны шилдэг тулаанчид Монголд ирнэ
Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх сарын 1-ний өдөр “АСА цирк”-т болно.
Мэдээллийн алба

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх сарын 1-ний өдөр “АСА цирк”-т болно. Тус өдрийн оргил тулаанаар БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар нэрлэгдсэн.
“Ангууч” Б.Баттөр Японы тамирчинтай хүч үзнэ

Түүнчлэн бусад тулааны оноолт ил боллоо. Тодруулбал, дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита нар хүч үзнэ. Мөн “MFC”-ийн анхны тулаанд оролцож байсан “Ангууч” хочит Б.Баттөр энэ удаагийн тулаанд эргэн ирэх бөгөөд мөн Японы тамирчинтай хүч үзнэ.
“UFC”-ын аварга Хабиб НурмагомедовЫн дүү Магомед дэвжээнд гарна

Дээрх тэмцээнд Японоос гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстан улсын холимог тулааны шилдэг тамирчин ирэх аж. Тухайлбал “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин Монголд ирж, Э.Даваабаяртай тулалдана. Магомедын хувьд Дагестан гаралтай бөгөөд “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан юм.
Мөн одоогоос хоёр жилийн өмнө “One Championship” холбоонд тулалдаад амжсан хүнд жингийн шилдэг тамирчин Т.Ариунболд “MFC-3” тулаанд өнгөт арьст тамирчны эсрэг нүүр тулахаар болжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Ламар Госи Т.Ариунболдод тулалдах санал тавьсан байна.
Үүнээс гадна “MFC” холбоонд хоёр ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC”холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг Ямайкын Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи, А.Тэмүүлэнтэй хүч үзнэ.
Ташрамд хэлэхэд, “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх долоо хоногоос худалдаанд гарна.


















