АНУ-ын нисэх онгоц Венесуэлийн агаарын хилийг зөрчжээ
АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны харьяа тагнуулын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны харьяа тагнуулын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес өчигдөр олон нийтэд мэдээлсэн байна.
Түүний өгсөн мэдээллээр өнгөрөгч баасан гарагт Америкийн эргийн хамгаалалтын албаны “Дэш-8” нисэх онгоц Венесуэлийн өмнөд хэсэг дэх агаарын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Ийнхүү нэвтрэх үеэрээ тус онгоц Олон улсын агаарын тээврийн дүрэм журмыг зөрчин, Венесуэлийн нисэхийн хяналтын төвд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байна. АНУ-ын онгоцны энэ үйлдлийг Венесуэлийн эрх баригчид сарын дараа болох парламентын сонгуультай холбон тайлбарлаж, энэ талаар мэдээлэл цуглуулах зорилгоор хил нэвтэрсэн байж магадгүй гэсэн байна.
Харин Венесуэлийн сөрөг хүчний намууд эрх баригчдын энэ мэдэгдлийг сонгууль ойртож байгаатай холбоотой тараасан худал мэдээ байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Одоогоор АНУ-ын элчин сайдын яам, эргийн хамгаалалтынхан энэ асуудлаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.


















