АНУ-ын шигшээ багийн захирал ажлаа өгөхөөр боллоо
АНУ-ын шигшээ багийн захирал Жэрри Коланжело өөрийн ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо
Мэдээллийн алба

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн захирал Жэрри Коланжело өөрийн ажлаа дараагийн хүнд нь шилжүүлэн өгөхөөр болсоноо албан ёсоор мэдэгджээ. Ингэснээр 2018 оны сагсан бөмбөгийн ДАШТ (Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)-д АНУ-ын шигшээ баг шинэ удирдлага дор оролцохоор болж байна. Багийн ахлах дасгалжуулагч Майк Шишевски мөн АҮСБХ-ны лигийн алдарт "Сан Антонио" багийн дасгалжуулагч Грэгг Поповичид ажлаа шилжүүлэн өгч байгаа юм.
Жэрри Коланжело шигшээ багийн захирлын ажлыг 2004 оноос гүйцэтгэж байгаа бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаар энэхүү ажлаа хүлээлгэн өгөхөө олон нийтэд мэдэгдсэн юм. Сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ багийн захирлаар ажиллах дараагийн эрхмийг сонгох хурал энэ 11-р сарын 14-ний өдөр болно. Жэрри Коланжело 2004 онд олимпийн наадмын өлгий нутаг, Грекийн Афин хотноо зохиогдсон зуны олимпийн 28-р наадмийн дараа шигшээ багийн захирлаар томилогдсон. Тэрээр багийг удирдан ажилласан өнгөрсөн 12 жилийн хугацаанд Нэгдсэн улсын эрэгтэй шигшээ баг ДАШТ-аас 1 хүрэл, 2 алтан медаль хүртэж, 3 олимпийн наадамд дараалан түрүүлээд байгаа юм. Мөн эмэгтэй шигшээ баг нь ДАШТ-д 2 удаа түрүүлж, 1 удаа хүрэл медалын эзэд болсон төдийгүй сүүлийн 3 олимпийн наадамд аварга болсон амжилттай.



















