Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ариун хаврын тахилга”-ыг энэ сарын 29-нд тоглоно

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 29-нд өөрийн тайзнаа толилуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ариун хаврын тахилга”-ыг энэ сарын 29-нд тоглоно
“Ариун хаврын тахилга”-ыг энэ сарын 29-нд тоглоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 29-нд өөрийн тайзнаа толилуулах гэж байна.

Тус балетийг Францчууд 1913 онд Парисын их тайзнаа тоглоход маш их шүүмжлэл дагуулж, шуугиан тарьсан ч хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдов.

Уг бүтээл “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн “Агуу их-ариун бүжиг”-ээр төгсөнө.

"Ариун хаврын тахилга" балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгынхан 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм.

Хөгжмийг Х.Алтангэрэл, бүжгийг Д.Энхгэрэл дэглэсэн бол удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллана.

Хуваалцах