Астанагийн гранпирид хоёр жудоч финалдлаа
Казахстаны Астана хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гран При тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болсон.
Мэдээллийн алба

Казахстаны Астана хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гран При тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болсон.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хагас шигшээд шалгараад байна. Д.Амартүвшин Бразилийн Фелипе Пелимийг юүко, Казахстаны Рустам Ибраемыг бүх үнэлгээгээр хожжээ. Улмаар хагас шигшээд Японы Хиронори Ишикаваг ялж, аваргын төлөө эзэн орны бөх Юлдос Сметовтой барилдахаар болоод байна.
Түүнтэй хамт тус тэмцээний 60 кгд зодоглож буй ОУХМ Г.Хэрлэн Казахстаны Габит Ессимбетовыг ялсан ч ОХУ-ын Димитри Куликовт ялагджээ. Гэвч манай бөх дагах барилдаанд Узбекистаны Бахром Иноятовыг ялаад хүрэл медалийн төлөө Д.Амартүвшинд ялагдсан Японы Хиронори Ишикаватай барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг БНХАУ, Бразил, Италийн бөхчүүдийг ялан аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр шигшээд Бразилийн өөр нэгэн жүдоч Наталья Бригидатай барилдана.


















