Аваргууд 12 дахь хожлоо авлаа
АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг буюу NHL)-ийн мөсөн талбай дахь өрсөлдөөн ширүүсч байна. Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Рейнжерс” баг "Madison Square Garden"-даа өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс…
Мэдээллийн алба

АНУ-ын 23, Канадын 7 багаас бүрдсэн Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг буюу NHL)-ийн мөсөн талбай дахь өрсөлдөөн ширүүсч байна. Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Рейнжерс” баг "Madison Square Garden"-даа өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс”-ийн эсрэг улирлын 21 дэх тоглолтоо хийсэн байна.
Багууд 2 өдрийн өмнө буюу энэ сарын 22-нд Питтсбург хотноо тоглоход “Рейнжерс” 5:2-ын харьцаатай хожоод байсан. “Нью-Йорк Рейнжерс” өнөөдрийн тоглолтыг ч тун эрч хүчтэй эхлүүлж, Рик Нэш улирлын 9 дэх гоолоо оруулан гоолын салхийг хагалсан. Харин тоглолтын 2-р үе тэр чигтээ “Пингвинс”-ийн давамгайлал дор өрнөж, тэд 5 гоолыг оруулсан байна. "Оцон шувууд"-аас энэ үед Скотт Уилсон, Фил Кессел, Конор Шери нар нэг гоол оруулсан бол багийн ахлагч Сидней Патрик Кросби 2 шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн. 29 настай Канад довтлогч Сидней Кросби энэ улирал эхлээд 13 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулсан амжилтаараа лигийн бүх тоглогчийг тэргүүлж байна.
Тоглолтын 3-р үеийн төгсгөлд өнгөрсөн улирлын аваргуудаас Мэтт Каллен багийнхаа 6 дахь гоолыг оруулсан нь энэ тоглолтын эцсийн цэг байлаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч “Рейнжерс”-ийн хоккейчид “Пингвинс”-ээс илүү олон удаа буюу 23 удаа хаалганд цохисон ч дахин гоол оруулж чадаагүй юм. Майк Салливан дасгалжуулагчтай, Стэнлийн цомын 4 удаагийн эзэн “Питтсбург Пингвинс” ийнхүү улирлын 20 дахь тоглолтдоо оролцож, 12 дахь хожлоо аван 27 оноотой болсоноор дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ. Харин 29 оноотой байсан "Рейнжерс" энэ бүсийн 2-р байрт бичигдэж байгаа юм.


















