Австралийн монгол тоглогчтой цахим спортын баг 30 мянган ам.долларын шагнал хүртэв
Г.Эрдэнэцогтын хувьд өдгөө Австралийн Мельбурн хотод бакалаврын ангид суралцахынхаа хажуугаар, тус улсын “Grayhound gaming” багт тоглодог цахим спортын мэргэжлийн монгол тоглогч юм
Мэдээллийн алба

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder” мажор тэмцээн Герман улсын Берлин хотод болно. Тус тэмцээний Ази тивийн шалгаруулалтад Австрали улсын "Grayhound" багт "erkaSt" нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Г.Эрдэнэцогтын баг энэ сарын 24-28-нд болсон "StarLadder" мажор тэмцээний “Asia minor” шатны ялагч болж, 30 мянган ам.долларын шагнал хүртжээ. Түүнчлэн "Grayhound" дэлхийн шилдэг багууд оролцох "StarLadder" мажор тэмцээний аваргын төлөө тоглох эрхийн эзэн болж, тоглогч тус бүрийн гарын үсэг бүхий стикерүүдийг гарган эзэмшихээр болсон аж.
Сонирхуулахад, энэ нь Монголын цахим спортын ертөнц дэх түүхэн үйл явдал бөгөөд хамгийн анхны мажор тэмцээнд оролцож, өөрийн гэсэн стикертэй болсон тоглогч, дахин уг амжилтаа давтжээ. Харин Г.Эрдэнэцогтын хувьд өдгөө Австралийн Мельбурн хотод бакалаврын ангид суралцахынхаа хажуугаар, тус улсын “Grayhound gaming” багт тоглодог цахим спортын мэргэжлийн монгол тоглогч юм.



















