МҮОНРТ
Гадаад мэдээ

Австралийн Засгийн газар шилжилт хөдөлгөөнийг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Австралийн Засгийн газар шилжилт хөдөлгөөнийг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Австралийн Засгийн газар шилжилт хөдөлгөөнийг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Австралийн Засгийн газар тус улсыг зорих иргэдийн урсгалыг бууруулах, түр хугацаагаар оршин сууж буй иргэдийн тус улсад байх нөхцөл, хугацааг чангалах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү бодлогын өөрчлөлтийг Австралийн Дотоод хэргийн сайд Тони Берк Үндэсний хэвлэлийн клубт танилцуулахаар төлөвлөж байсан боловч илтгэл нь хойшлогджээ. Засгийн газрын мэдээлснээр уг илтгэлийг ойрын хоёр долоо хоногийн хугацаанд танилцуулж, Австралийн шилжилт хөдөлгөөний тогтолцоог бүхэлд нь хамарсан бодлогын шинэчлэлийн асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна.

Илтгэлийг хойшлуулсан нь Ерөнхий сайд Энтони Албанезийг шинэ бодлогын өөрчлөлтийг олон нийтэд танилцуулах үйл явцад оролцох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ эрх баригч Хөдөлмөрийн нам шилжилт хөдөлгөөний бодлогын талаар улс төрийн дарамтад хариу арга хэмжээ авах шаардлагатай болсонтой холбоотой гэж мэдээлжээ.

Засгийн газрын төлөвлөж буй арга хэмжээ нь цэвэр шилжилт хөдөлгөөний хэмжээг өмнө нь тогтоосон зорилтот түвшнээс огцом бууруулахад бус, харин шилжилт хөдөлгөөний тогтолцооны тодорхой сувгуудыг илүү хатуу зохицуулахад чиглэж болзошгүй байна.

Одоогоор хэлэлцэж буй өөрчлөлтүүдэд:

  • “Working Holiday” буюу ажиллангаа аялах хөтөлбөрийн нөхцөл, шаардлагыг чангатгах;

  • Гэр бүлийн визийн мэдүүлэгт тавих шаардлагыг нэмэгдүүлэх;

  • Гадаадын иргэдийн виз болон цагаачлалын асуудлаарх шийдвэрийг давж заалдах зарим эрхийг хязгаарлах;

  • Түр хугацаагаар оршин суугчдыг Австралиас сайн дураар гарахад чиглэсэн зохицуулалт хэрэгжүүлэх зэрэг асуудал багтаж байна.

Австралийн Засгийн газар 2025–2026 оны санхүүгийн жилд байнгын оршин суух зөвшөөрөл олгох хөтөлбөрөөр 185,000 хүнийг хүлээн авах зорилтот хэмжээг баталсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй ижил байна.

Гэхдээ Австралийн Засгийн газар виз, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бусад зохицуулалтыг үе шаттайгаар чангатгасаар байна. Тухайлбал, магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын визийн хураамжийг 5,750 австрали доллар болгон нэмэгдүүлсэн нь өмнөхтэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь богино хугацаанд хураамжийг дахин нэмэгдүүлж буй явдал бөгөөд өмнө нь гуравдугаар болон зургаадугаар сард ийнхүү нэмж байжээ.

Хуваалцах