Азийн наадамд өсвөрийн тамирчид амжилттай оролцов
Азийн хүүхдийн их наадмаас манай өсвөрийн тамирчид 3 хүрэл медаль эх орондоо авчирлаа.
Мэдээллийн алба

Азийн хүүхдийн их наадмаас манай өсвөрийн тамирчид 3 хүрэл медаль эх орондоо авчирлаа.
БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн спортын II наадам 08.16-24-ны өдрүүдэд болсон. Уг наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Монгол Улсаас спортын 9 төрлөөр 64 тамирчин оролцсон юм. Монголын баг тамирчид жүдо бөхийн төрлөөс хоёр хүрэл медаль, хөнгөн атлетикаас нэг хүрэл медаль хүртлээ.
Цаашид өсвөрийн тамирчдад, бэлтгэл сургуулалт хийх нөхцөл бололцоог нь хангаж өгвөл манай тамирчид илүү амжилт үзүүлэх боломжтой. Тиймээс холбогдох байгууллагууд хамтран, “Өсвөрийн тамирчдийг бэлтгэх” хөтөлбөр боловсруулж ССАЖЯ-д өргөн барина гэж Төрөлжсөн сургалттай спортын сургуулийн захирал Ч.Зоригтбаатар хэллээ.
Бэлтгэл сургуулилт хийх зориулалтын талбай байхгүйгээс голын эрэг дээр 80 см-ийн өндөртэй саад хийж бэлтгэлээ хангаж байсан талаар Хөнгөн атлетикийн төрлөөс хүрэл медаль хүртсэн Э.Ариунтунгалаг ярьсан.
Жудогийн төрөлд 55 кг-д З.Түшигтөр, 52 кг-д Ц.Хулан хүрэл медаль хүртсэн бол, хөнгөн атлетикийн төрөлд Э.Ариунтунгалаг хүрэл медаль авсан юм.


















