Б.Отгонбаяр эрчүүдийн эхний хүрэл медалийг хүртэв
Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.
Мэдээллийн алба

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр Монголын эрэгтэй бөхчүүдийн эхний хүрэл медалийг хүртлээ.
Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм.
Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан.
Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.


















