Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд үргэлжилж байна
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, өнөөдөр ойролцоогоор 1.7 саяд хүрээд байна. Хотын төвлөрөл, дэд бүтцийн ачааллыг бууруулахын тулд дагуул хот, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Энэ хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байгаа нь Хөшигийн хөндийн бүсийн хөгжил, тээвэр ложистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой.
Төмөр замын шинэ сүлжээ бий болсноор Хөшигийн хөндийн бүсийн хөгжил эрчимжиж, Хүннү Хотод амьдрах, ажиллах, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхэд чухал суурь тавигдана. Төмөр зам ашиглалтад орсноор 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй байх боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын төмөр замын гармуудын хаалтаас шалтгаалан авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут саатдаг. Шинэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор гармын хаалтын хугацаа 21–120 минутаар буурч, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажилд 1,100 гаруй хүн, 700 орчим техник ажиллаж байна. Эхний ээлжийн 87 км төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, төслийн хүрээнд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж баригдсан бөгөөд уг ажлыг үндэсний 5 консорциум амжилттай гүйцэтгэж дуусжээ.


















