Хойд бүсийн 200 залуу багш Орхон аймагт чуулж байна
Мэдээллийн алба

Монголын Залуу багш нарын холбооноос зохион байгуулсан Хойд бүсийн залуу багш нарын хөгжлийн академид оролцож, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 200 багшид Засгийн газрын бодлого шийдвэр, боловсролын салбартай уялдуулан хэрэгжүүлж буй Батлан хамгаалах салбарынхаа төслүүдийг танилцууллаа.
Бид эх оронч хүмүүжил, иргэний хариуцлагын агуулгыг цэцэрлэгийн наснаас эхлэн боловсролын шат бүрд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан тусгахаар ажиллаж байна. Цэцэрлэгийн насанд «Миний эх орон» сэдвээр нутаг ус, эх орноо таниулна. Бага ангид бусдыг хүндлэх, хариуцлага хүлээх дадлыг төлөвшүүлж, дунд ангид Монгол цэргийн түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулна. Ахлах ангид гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэхэд анхаарна.
Энэ хүрээнд “Цэрэг-Иргэний хамгаалалтын хичээл”-ийг Орхон, Баянхонгор, Дорноговь, Хэнтий аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгосон сургуулиудад туршиж байна. Цаашид туршилтын явцад тулгуурлан хичээлийн агуулга, дадлагыг хэрхэн сайжруулах талаар багш нарын саналыг тусгахаар ажиллаж байна.
Мөн алслагдсан нутагт багш, эмч зэрэг нэн шаардлагатай мэргэжлээр гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох зохицуулалтыг Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган ажиллаж байна. Ингэснээр багш дутагдалтай суманд залуу багш мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ цэргийн үүргээ биелүүлэх боломж бүрдэх юм.




















