Бахархлын өдрийн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. П.Бүрэнтөгс арслан намрын нээлтээс хойших 7 барилдаанд бүгдэд нь зодоглож, зургаад нь түрүү булаалдсанаас 3 түрүүлж, 3 үзүүрлэсэн амжилтыг үзүүлээд байна. Л.Цэрэнтогтох начин Их шөвөгт Б.Батмөнх зааныг шуудагнаас бярдаж түрээд давсан.
Энэ өдөр Хөвсгөлийн а.а Ч.Хөхчирэнгэр тун сайн байж, хоёрын даваанд шинэ начин Ч.Ганзоригийг, гуравт шинэ начин Э.Дашийг, дөрөвт заан М.Өсөхбаярыг, тавд арслан Н.Батсуурийг давж, шилдгүүдийг хаясаар их шөвөгт шалгарч үлдэн түрүү бөхөд унасан юм.
2012 он буюу анхны Монгол бахархлын өдрийн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт у.а П.Бүрэнтөгс, у.ав Г.Эрхэмбаяр нар шалгарч байсан билээ.




















