Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянзүрх уулын хишиг барилдаан болно

МҮБХ-оос санаачлан зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдааны Баянзүрх уулын хишиг барилдаан ирэх ням гарагт ес дэх жилдээ болно. Энэ барилдааныг “Бриж” групп зохион байгуулдаг уламжлалтай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баянзүрх уулын хишиг барилдаан болно
Баянзүрх уулын хишиг барилдаан болно. Зураг: МҮОНРТ

МҮБХ-оос санаачлан зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдааны Баянзүрх уулын хишиг барилдаан ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд 14:00 цаг ес дэх жилдээ болно. Энэ барилдааныг “Бриж” групп зохион байгуулдаг уламжлалтай. Чансаа өндөр, нэр хүндтэй энэхүү барилдааныг үзэхээр зорин ирэгсдийн тасалбарыг сугалаанд оруулж, хагас саятанг тодруулах юм байна. Өмнөх барилдаанд хэн, хэн шөвгөрч байсныг эргэн дурсъя.

Баянзүрх уулын хишиг барилдаан-I

2007 оны аравдугаар сарын 13-ны бямба гарагт анхлан зохион байгуулахад улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байсан. Их шөвөгт улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин цолтойдоо улсын начин Ш.Уламбаярын хамт шалгарч байв.

Баянзүрх уулын хишиг барилдаан-II

Дархан аварга Г.Өсөхбаяр даян аварга цолтойдоо торолгүй түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байв. Улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нар их шөвөгт шалгарсан удаатай.

Баянзүрх уулын хишиг барилдаан-III

Алтай нутгийн хоёр буюу улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн. Харин их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин цолтойдоо улсын харцага Ө.Даваабаатарын хамт үлдсэн юм.

Баянзүрх уулын хишиг барилдаан-IV

Хүчит 256 бөх зодоглосноос улсын начин Д.Батбаяр түрүүлж, улсын харцага Н.Батзаяа улсын начин цолтойдоо үзүүрлэсэн билээ. Улсын начин Л.Лха-Очир аймгийн начин цолтой байхдаа улсын арслан Н.Батсуурь аймгийн начин цолтойдоо их шөвөгт шалгарсан.

Баянзүрх уулын хишиг барилдаан-V

Улсын аварга Г.Эрхэмбаяр улсын арслан цолтойдоо найм даван түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн юм. Их шөвөгт улсын начин Ц.Одбаяр, Б.Сангисүрэн нар том цолтнуудыг нуга дарсаар шалгарсан удаатай.

Баянзүрх уулын хишиг барилдаан-VI

Дараа жил нь улсын аварга Г.Эрхэмбаярыг мөн хэн ч дийлээгүй. Харин их шөвөгт шалгараад байсан улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэж, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан цолтойдоо шөвгөрсөн юм.

Баянзүрх уулын хишиг барилдаан-VII

Улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Н.Батсуурь улсын харцага цолтойдоо үзүүрлэсэн. Тэгвэл их шөвөгт улсын хүчит арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Батмөнх нар үлдсэн.

Баянзүрх уулын хишиг барилдаан-VIII

Улсын начин Баатарын Амарзаяа түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, улсын аварга С.Мөнхбат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар их шөвгийн дөрөвт үлдсэн.

Хуваалцах