“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалт энэ удаад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна.
Чуулга, уулзалтын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямбыг Чингүнжавын талбайд Мөрөн цэргийн хүрээний хүндэт харуул угтан авч, тэрбээр Хотгойдын шадар ван Чингүнжавын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Тус чуулга, уулзалтыг эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үндэсний үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
Арга хэмжээний хүрээнд Цэргийн төв эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн нэгдсэн холбооны явуулын үзэсгэлэн, мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулж байна.





















