“Боруссия Мюнхенгладбах” дасгалжуулагчаа халлаа
Германы “Боруссия Мюнхенгладбах” клубын удирдлагууд дасгалжуулагч Андре Шубертийг ажлаас нь халлаа.
Мэдээллийн алба

Германы “Боруссия Мюнхенгладбах” клубын удирдлагууд дасгалжуулагч Андре Шубертийг ажлаас нь халлаа. Түүний удирдлага дор "Мюнхенгладбах" энэ улирал эхэлснээс хойш 4 хожиж, 4 тэнцэж, 8 удаа хожигдон хасагдах шатны бүсээс ердөө 3 оноогоор зааглагдаж байна. Энэ нь багийн спорт хариуцсан захирал Макс Эберле тус шийдвэрийг гаргахад хүргэжээ. Андре Шуберт өнгөрсөн жил 2019 он хүртэл ажиллах гэрээг клубын удирдлагуудтай байгуулж байсан юм.
Эберле ийнхүү шинэ дасгалжуулагчийн эрэлд гарч буй бөгөөд “Вольфсбург” клубээс халагдсан Дитер Хекинг “Мюнхенгладбах”-ыг удирдаж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. Өнгөрсөн улирлын эхэнд “Мюнхенгладбах” 5 дараалан ялагдсаны дараа өмнөх дасгалжуулагч Люсьен Фавр ажлаа өгч, Андре Шуберт энэ багт хүрэлцэн ирж байсан юм. Улмаар Шуберт 9 тоглолтонд дараалан хожигдолгүй багаа удирдсанаар клубыг албан ёсоор удирдах болж байсан. Улмаар "Бундес лиг"-т 4-р байрт орсон амжилттай улирлыг дуусгаж байсан юм. Гэвч баг нь өнөөдөр тухайн үеийн тоглолтоо үзүүлж чадахгүй байгаа нь дасгалжуулалттай холбоотой хэмээн Эберле үзэж байна. “Гладбах”-ын гол зорилго мэдээж шилдэг дөрөвт багтах юм.


















