Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Мэдээллийн алба

Чихрийн шижингийн 2-р хэв шинжээс амьдралын зөв дадал хэвшлээр урьдчилан сэргийлэх боломжтой.
Та дараах зургаан зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.
1. Тогтмол хөдөлгөөнтэй байгаарай.
Өдөр бүр идэвхтэй хөдөлж, долоо хоногт 150 минутаас доошгүй хугацаанд алхах, дугуй унах, усанд сэлэх зэрэг дунд зэргийн ачаалалтай дасгал хийгээрэй.
2. Биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалаарай.
Илүүдэл жин, ялангуяа хэвлийн таргалалт нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зөв хооллож, тогтмол хөдөлгөөнтэй байгаарай.
3. Тамхинаас татгалзаарай.
Тамхи татах нь инсулины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
4. Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаарай.
Архи, согтууруулах ундааны хэрэглээ нь илүүдэл жин болон бодисын солилцооны өөрчлөлтөд нөлөөлж болзошгүй. Хэрэглэхгүй байх нь хамгийн зөв сонголт.
5. Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээг багасгаарай.
Хийжүүлсэн ундаа, савласан жүүс, амттангийн оронд ус ууж, хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй.
6. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаарай.
Илүүдэл жинтэй, хөдөлгөөний хомсдолтой, гэр бүлийн гишүүд нь чихрийн шижинтэй бол эрсдэлээ үнэлүүлж, эмчийн зөвлөгөөний дагуу цусан дахь глюкозын шинжилгээ хийлгээрэй.


















