Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол, Солонгосын археологичид Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарс дахь Хүннүгийн язгууртны 160 дугаар булшны малтлага судалгааг дуусгаж, 413 эд өлгийн зүйл илрүүлжээ.

БНСУ-ын Үндэсний музей арваннэгдүгээр сарын 6-нд танилцуулсан судалгааны үр дүндээ уг булшийг Монгол Улсаас одоогоор илрүүлсэн Хүннүгийн үеийн хамгийн том булш хэмээн тодорхойлсон байна. Булш нь үүдэвчийн хамт 73 метр урт, 14.5 метр гүн бөгөөд есөн үе чулуун дараастай.

Төв хэсэгт нь давхар модон бунхан дотор байрлуулсан авс илэрчээ. Малтлагаас Ромын эзэнт гүрний үед үйлдвэрлэсэн байж болзошгүй шилэн аяга, Хан улсын оршуулгын соёлын нөлөө бүхий хаш эдлэл, Солонгосын хойгоос олдсон эртний эдлэлтэй төстэй мөнгөн чимэглэл зэрэг 413 олдвор гарсан байна. Судлаачид эдгээр олдворыг Хүннүгийн язгууртнууд Евразийн өргөн уудам нутаг дахь худалдаа, соёлын харилцаанд оролцож байсны чухал баримт гэж үзжээ.

Харин булшинд оршуулсан хүний хэн болохыг хараахан тогтоогоогүй бөгөөд шүд, үсний дээжид шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах