Чөлөөтийн охидын баг хүрэл цомын эзэн болжээ
Н.Анударь, Б.Энхзул, Т.Цээням, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Ц.Хулан, Д.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож, гуравдугаар байрт шалгарав
Мэдээллийн алба

АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубийн нэрэмжит “Sem world duals” залуучуудын багийн тэмцээн энэ сарын 13-нд Пеннсилвани мужийн Кингстон хотод боллоо. Тус тэмцээнд Монголоос спортын мастер Н.Анударь, Б.Энхзул, Т.Цээням, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Ц.Хулан, Д.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож, гуравдугаар байрт шалгарав. Эл тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд манай бөхчүүд хэсгийн барилдаанд зохион байгуулагч “Wyoming Seminary” клубт 5:6-гаар хожигдсон ч, Финланд, Эстонийн тамирчдын холимог багийг 6:2-оор, Нью-Жерси мужийн багийг 7:4-өөр ялсан. Улмаар гуравдугаар байрын төлөөх барилдаанд Канадын охидыг 6:5-аар буулган авснаар хүрэл цомын эзэн болов.
Дээрх тамирчдыг Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат дасгалжуулсан бол тус тэмцээнийг олон улсын шүүгч А.Дарханбаатар дэнсэлжээ.



















