Д.Данзан: Бид хулгайч, луйварчид биш
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон Дархан аварга А.Сүхбат нарын маргаан 2015 он гарахаас өмнө дахин эхэлсэн юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон Дархан аварга А.Сүхбат нарын маргаан 2015 он гарахаас өмнө дахин эхэлсэн юм. Тэгвэл А.Сүхбат аварга мэдэгдэл гаргаад байсан ба уг мэдэгдэлд МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан тайлбар өгснийг бүрэн эхээр нь оруулав.
Бид хулгайч, луйварчид биш
/А.Сүхбатын мэдээлэлд өгөх тайлбар/
Саяхнаас А.Сүхбат сонинд ярилцлага өгөхдөө МҮБХ-ны хамт олныг хулгайч, луйварчид гэж нэрлээд үүнийгээ жишээ болгож 2014.12.14-нд барилдсан сумын цолтон ахалсан 576 бөхөөс 3000 төгрөг хураасан, 1728000 төгрөгийг луйвардсан хэмээн мэдэгдлээ. Бид хулгай, луйвар хийдэггүй билээ. Харин хулгайч, луйварчин гэж ямар хүнийг хэлдгийг бид хүмүүсийн адил сайн мэднэ.
Тэр өдрийн сургалтын барилдаанд барилдсан 576 бөхийн 550-иас нь 2400 төгрөгийн хураамж авсан нь нийтдээ 1,320,000 төгрөг болжээ. Эдгээр бөхчүүдэд “Бөх” сонины шинэ дугаарыг /600 төгрөгийн үнэтэй/ бодлогоор өгсөн байна.
Хоёр давсан бөхөөс эхлэн 144 бөхөд тавьж олгосон бай, барилдааныг зохин байгуулан ажилласан жаяг дэгийн багийнханд олгосон ажлын хөлс, тэдгээрээс татсан албан татвар бүгд нийлээд 1,298,800 төгрөг болжээ. Зөрүү нь 21200 төгрөг байна. Энэ нь тэр өдөр зарцуулсан цахилгааны төлбөрт ч хүрэхгүй юм.
Биднийг хулгайч, луйварчин хэмээсэн хүний яриаг залруулахад гурав давснаас биш хоёр давснаас эхлэн бай олгодог бөгөөд түрүү бөхөд 58000 төгрөг өгөхөөс 3000-ыг татварт авч 55000 төгрөг олгодог бол хоёр давсан бөхөд 3150 төгрөг олгохоос татварт 150 төгрөг авч 3000 төгрөг олгодог.
Бусад давааны тухайд үзүүр бөх 45000, долоо давсан бөх 35000, зургаа давсан бөх 20000, тав давсан бөх 15000, дөрөв давсан бөх 10000, гурав давсан бөх 5000 төгрөгийн бай тус тус авдаг юм.
Ингээд олон түмэндээ энэ онд болсон 10 удаагийн барилдааны талаарх санхүүгийн баримтыг толилуулъя.
2014 оны сумын зааны барилдааны тооцоо
№ Сар,өдөр Барилдсан бөхийн тоо Мандатын хураамж Олгосон бай 1 Сар шинийн баярт зориулсан, сумын цолтон I/25 390 936.000 1.558.400 2 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан II/15 406 974.000 1.024.900 3 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан III/15 629 1.509.600 1.490.600 4 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан IV/12 532 1.276.000 1.316.500 5 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан V/25 336 807.000 893.050 6 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан VI/08 228 547.200 688.800 7 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан IX/20 373 895.000 910.200 8 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан X/05 481 1.154.400 1.158.400 9 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан XI/02 615 1.476.000 1.375.500 10 Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан XII/14 550 1.320.000 1.298.800 10.895.600 11.715.150
Эндээс үзвэл МҮБХ залуу бөхчүүдээ луйвардсангүй, харин ч сумын цолтой болон залуучууддаа жилд 10 удаа өөр хоорондоо барилдах бололцоо олгосон бөгөөд үүний үр дүнд тэдний барилдааны ур чадвар эрс дээшилж аварга, арслангуудыг ч хаях хэмжээнд хүрч байгаа билээ.
Ийм л зүйлийг луйвар хэмээн ярьж байгаа хүний ярианд итгэх эсэхээ монголчууд маань өөрсдөө шийднэ биз ээ! Дашрамд хэлэхэд Монголын ард түмний “Хэлэмгий хүн сурамгай”, “Хулгайч л хулгайчийг бариарай” гэдэг хоёр мэргэн үгийг санацгаая.
МҮБХ-ны дэд тэргүүн Д.ДАНЗАН


















