Д.Эрдэнэбилэг, Ц.Отгонбилэг нар тэргүүлж байна
100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар тоглож байгаа. Тэмцээний сүүлийн өрөг энэ сарын 27-ны өдөр болж, медалтнууд тодрох юм.
Есөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг, спортын мастер Ц.Отгонбилэг нар тус бүр 14 оноотой тэргүүлж байна. Тэдний араас дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 13, Р.Манлай 11, их мастер Г.Ганжаргал 11 оноотой удаалж байна.
Эмэгтэйчүүдийг спортын мастер Б.Нандинцэцэг 14 оноогоор тэргүүлж, спортын мастер М.Одгэрэл 13, Г.Хэрлэнмөрөн 12 оноотойгоор удаалж байна.
Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр 10-р өрөг, маргааш 11, 12-р өргийн тоглолт болох юм. Харин ирэх баасан гарагт 13 дахь өргийн тоглолт болсноор Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, хаалтын ажиллагаа гуравдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагаас болно.


















