Д.Отгондалай тэргүүтэй дөрвөн боксчин ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо
Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9 хүртэл боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Мэдээллийн алба

Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9 хүртэл боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Манай дөрвөн боксчин өчигдөр медалийн төлөөх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тодруулбал тэмцээний 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд гавьяат тамирчин Д.Отгондалай Казахстаны тамирчин А.Курметовыг, 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Хятадын Хи Жун Жуныг, 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобингыг, 69 кг-д Б.Түвшинбат Энэтхэгийн боксчин Манож Кумартай тоглож тус тус өрсөлдөгчөө ялав.
Ийнхүү манай дөрвөн боксчин хагас шигшээд шалгаран үлдэж, хүрэл медалийн болзол хангаж, Хамбургт болох ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо.
Дээрх тэмцээнд манай улсаас найман боксчин өрсөлдөж буй агаад 56 кг-д Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91кг-д С.Эрдэнбаяр 52 кг-д М.Гандулам нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудал руу шилжсэн юм.


















